хуудас маань энэ удаад Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн зураач Н.Орхоны уран бүтээлээс та бүхэнд хүргэж байна.
-Н.Орхон: Уран бүтээлч хүн амьсгал татах мөч хүртэл өөртөө сэтгэл ханаж болохгүй
Монгол Улсын тусгаар тогтнол, түүхэн замнал, бахархал омогшил, үндэстний хэв маяг, зовлон жаргалыг хүмүүн гэдэг хувьхан ертөнцийн хөрөг дүрээр өгүүлсэн уран бүтээлийн үзэсгэлэндээ шамдан бэлдэж буй уран бүтээлч, олноо “Хөргийн” хэмээн алдаршсан МУСГЗ Н.Орхоны урланд зочлов. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж гээд Монгол Улсын үе үеийн ерөнхий сайдаас эхлээд өнөөгийн Ерөнхийлөгч хүртэл зуржээ. Мөн хөгжмийн зохиолч Б.Шаравыг “эгшиглүүж”, Д.Пүрэвдорж, Б.Догмид, Б.Лхагвасүрэн гээд яруу найрагч, зохиолчдын хөргийг тунхаглаж, жүжигчин Цагааны Цэгмид, Ц.Гомбосүрэн гээд тайз дэлгэцийн бурхдын хөргийг мөнхөлжээ. Тэрбээр гурав дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар шамдаж буй өрнүүн, завгүй үедээ ярилцлага хийх боломж олгосон юм. Монголын урчуудын эвлэлийн гурван давхрын урлангийн өрөөндөө будаг шунх болсон ажлын хормогчтойгоо угтсан түүний яриаг та бүхэнд толилуулъя.
-Таныг урлаг соёл, улс төр гээд салбар салбарын суут алдартнуудын хөрөг зургийг зурсан зураач гэдгээр нь олон түмэн мэднэ. Яруу найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэн өнгөрөгч хавар болсон. Таны бүтээсэн Цэндийн Чимэддорж найрагчийн хөрөг зураг маш амьдлаг, сүнслэг болсон байсан?
-Тийм үү. Ямарваа нэг хүний дүрийг туурвихад тухайн хүний эрчим нөлөөлдөг л дөө. Уран бүтээлч хүний сэрэл мэдрэмжийг зургаа дахь мэдрэхүйгээр чагнан мэдэрч чадна гэдэг бидний давуу тал юм л даа. Хамгийн гол нь хүний сэтгэлийг зурах. Харцыг амилуулах юм.
-Хөргийг нь зурах явцад уншигддаггүй, мэдрэгддэгүй хүн гэж байх уу?
-Дургүй юмаа хийнэ гэдэг шаардлага амьдралын эрхээр гардаг л даа. Тэр үед л орж ирсэн анхны сэтгэл хөдлөлөөрөө зураглаад, татлаад орхихгүй бол хүчилж хийсэн ганц зураас ч хүний сэтгэхүйг дарамталдаг байхгүй юу.
-Тэгэхээр таны бүтээлийг онолын хувьд дүгнэвэл?
-Бодит хүнийг дүрсэлж байгаа нь реалист бүтээл юм шиг боловч тухайн хүний дотоод сэтгэлийн ахин давтагдашгүй агшныг буулгаж байгаагаараа Импрессионист, авангард, абстракт гээд сэтгэлгээний урлаг гээд яривал их зүйл ярина л даа.
-Таны уран бүтээлд эх орны өнөөгийн байдал хэр тусгагддаг бэ?
-Альберт Эйнштэйний яриад байгаа харьцангуй онол гэдэг монгол үндэстэнд өдөр тутамдаа мөрддөг хууль байсан. Улс орон маань түүхэндээ байгаагаагүй хамгийн гутамшигтай үедээ явж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс харь оронд эзлэгдэхэд хамгийн амархан, эмзэг үе дээрээ явна.
ТУСГААР ТОГТНОЛОО ХАМГААЛАХ УХАМСАР АЛДАГДААД БАЙНА
-Яагаад?
-Манай нүүдэлчин соёлд өрх болгон, хүн болгон төр байсан. Төр болон шашнаас хамааралгүйгээр тэд бие даасан анагаах ухаанч, гүн ухаанч, гариг эрхэстэй харьцдаг байгаль дэлхийн эзэн байсан
-Байсан гэдэг нь?
-Үзэгдэлд битгий итгэ. Мөн чанарт итгэ. Нүдэнд харагдсан зүйл худал шүү дээ. Бид хөгжөөд байна л гээд онгироод байдаг. Гэтэл бидэнд гишгэх газар ч үлдээгүй байна шүү дээ. Морин дэл дээр уурга даялан дарцагладаг байсан эрс маань төмөр тэрэг тачигнуулан, мал амьтнаа үргээж байна. Мал гэдэг чинь хүний сайхан сэтгэл, халамжинд ижилдэн дасдаг сэтгэлтэй амьтан юм шүү дээ.
-Тэгэхээр хүн гэдэг хөгжилд уусахдаа мөн чанараа гээж байна гэсэн үг үү?
-Гээхээр барах уу. Үе үеийн яруу найрагчид л эх орон гэж цээжээ урж, үгээ үлдээдэг. Яруу найрагч Б.Галсансүх хүртэл “Монголын Радио хятадаар мэндэлвэл би үхнэ” гэсэн. Гэтэл Монголын радио хятадаар мэндчилэхэд хэн ч гайхахгүй цаг үе ирсэн байна.
-Үндэсний телевиз нь ч хятад киногоор “бөмбөгдөөд” байна шүү дээ?
-Кино гэдэг бол хамгийн том “уусгах бодлого” юм. Түүгээр тухайн үндэстний соёл ёс заншил, дуу хуур, хүн ардад аажим аажмаар дасгах, дурлуулах, дуртай болгох бодлого явагдаж байгааг хүмүүс анзаарахгүй байна.
-Таны бүтээсэн олон хөрөг зургийг ард түмэн мэднэ. Дорно тал руугаа, үндсэрхэг, сүнслэг чанарын нууц чинад нь юундаа байна гэж та боддог вэ?
-Бидний өвөг дээдсийн уламжлалт сэтгэхүй, ахуй орчин, ёс төр өөрөө тийм нандин байхгүй юу. Гэтэл энэ нандин чанар алдагдаад, тусгаар тогтнолоо хамгаалах ухамсар алдагдаад байна.
-Хамгаалах ухамсрыг яавал сэргээх бол?
-Ухуулж ойлгуулаад ч нэмэр байхгүй. Эрс шийдэмгий алхам хэрэгтэй. Чингис хаан яагаад тэр хүнд цаг үед тодорсон бэ гэхээр шадар нөхдөө таньж чадсан, өөрийгөө чагнаж мэдэрч чадсан. Ямархан уналтаас ямархан сэргэн мандалт руу босч чадсаныг түүх гэрчилж байна шүү дээ.
-Түүх гэснээс таныг Жамуха Чингис хоёрын хагаралдааныг нэгэн үзэсгэлэнт бүсгүйгээс болсон гэх таамаг дэвшүүлж байсан тухай сонссон?
-Би энэ зураг дээрээ /Сур: Яг одоо бүтээж буй Чингис хаан, Жамуха хоёрын зураг руугаа очив/ ийм гаргалгаа гаргаад байна л даа. Нууц товчоо, Хөх сударт Чингис хааны амьдралын 10 гаруй жил яасан нь мэдэгдэхгүй балархай байдаг юм. Тэр үед алтан ургийн удам болсон Тэмүүжин хүүг Тайчуудын Торгуудай Алтан хаанд бариад өгсөн байх магадлалтай. Тэр үед анд нөхрийн барилдлагатай багын анд Жамуха нь андгай тангарагаа биелүүлэн түүнийг шоронгоос чөлөөлсөн. Тухайн үед нэрд гарсан Тагнын Жадараны Жамуха бол Боданчир мунхагийн татвар эмээс гарсан үр.
- 上一篇: 呼达古拉书法作品欣赏
- 下一篇: 又一位蒙古族实力唱将在《星光大道》屡获佳绩,来听TA的音乐
发表评论